|
Танд энэ өдрийн мэнд хүргье.
Гамшгийн эсрэг үндэсний төв нь 2006 оны 12-р сарын 25-ны өдөр 11 аж ахуй нэгж байгууллага, 28 иргэний санал санаачлагаар гамшгийн аюулийг бууруулахад төр, олон нийтийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ Гамшгийн эсрэг үндэсний төв 2008 онд “ Үйл ажиллагаагаа орон нутагт хүргэх “ зорилгыг өмнөө тавьж, үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд: - Эрхэм зорилготой нийцсэн үйл ажиллагааныхаа үндсэн зорилтуудыг хэрэгжүүлнэ.
- Гишүүнчлэлээ өргөжүүлж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн 30 хувьд буюу ялангуяа гамшгийн эрсдэл ихтэй бүс нутагт салбар нэгжээ байгуулан үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж ажиллана.
- Хэрэгжүүлсэн хөтөлбөр болон шинээр төсөл, хөтөлбөрүүдийг орон нутгийг хамруулан өргөн хүрээнд хэрэгжүүлнэ.
- Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд иргэд, ААН, байгуулагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн, зохион байгуулж оролцуулна.
- Мэргэжлийн албадтай харилцан зөвшилцөж байгуулсан санамж бичигт дурьдсан заалтуудын хүрээнд хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцон судалгааны ажил явуулах.
- Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл баримтлан, олон улсын болон бусад орны холбогдох чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцаа тогтоон хамтран ажиллана.
- Ой, хээрийн түймэрийг унтраах багаж хэрэгслийн нөөцийг бий болгоно.
- Байнгын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг бүрдүүлнэ.
- Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Нийслэл хотын дүүрэг тус бүрт Үндэсний парк буюу цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлнэ.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа Нийслэлийн онцгой байдлын газрыг төлөөлж дарга, коммисар С.Цогтбаатар, Гамшгийн эсрэг үндэсний төв төрийн бус байгууллагыг төлөөлж ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар 2008 оны 2 дугаар сарын 14 ний өдөр дээрх байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахын тулд энэхүү санамж бичгийг байгуулсан байна. Энэ санамж бичиг нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байх ба талууд хоорондоо доорх чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Хамтын ажиллагааны чиглэл 1 Талууд харилцан сонирхсон болон Талуудын хооронд зөвшилцөн тохирсон асуудлаар практик ач холбогдол бүхий хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх. 2 Гамшгаас хамгаалах талаархи хууль, тогтоомжийг хэрэглэж байгаа практикийг судлах, түүнийг боловсронгуй болгох талаар санал солилцох. 3 Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээлэл, арга зүйн зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулах. 4 Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах , учирсан хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох арга ажиллагаанд холбогдох байгууллага, алба, албан тушаалтан, иргэдийг сургаж, дадлагажуулах, соён гэгээрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх. 5 Залуучуудад аврагч, гал сөнөөгчийн мэргэжил эзэмших хүсэл эрмэлзэл төрүүлэх, сайн дурынхны эгнээг өргөтгөх, аврагч, гал сөнөөгч, сайн дурынхны эрэлхэг үйлсийг алдаршуулах арга хэмжээ зохион байгуулах. 6 Гамшгаас учирсан хохирлын хэмжээг тогтоох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх. 7 Аюулгүй үйл ажиллагаанд холбогдох стандарт, техникийн норматив, технологийн горимыг мөрдүүлэх талаар ажил зохион байгуулах. 8 Гамшгийн эрсдлийн үнэлгээг хамтарч хийх боломжийг судлах, эрдэм шинжилгээ, арга зүйн бага хурал, семинар зохион байгуулах. 9 Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын идэвхи, хүч оролцоог уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах замаар ой хээрийн түймэртэй тэмцэх, онцгой ба тусгай хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг ажилд оролцуулах, тэдний бэлтгэл, бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх. 10 Нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах талаар дэмжлэг үзүүлэх. 11 Гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэх, түгээх ажлыг зохион байгуулах. 12 Гадаадын болон олон улсын холбогдох байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь гамшгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан, цаашид гамшгийг бууруулах, түүнд авах арга хэмжээг сайжруулахад өндөр ач холбогдолтой зүйл боллоо хэмээн талууд үзэж байгаа юм байна. Гамшгийн эсрэг үндэсний төвийн 2007 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
- Хийгдсэн ажлын агуулга
- Хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн тайлан
1. ХИЙГДСЭН АЖЛЫН АГУУЛГА Гамшгийн эсрэг үндэсний төв ( ГЭҮТ ) 2007 оны 02 дугаар сарын 02-нд Монгол Улсын ХЗДХЯ-наас зөвшөөрлөө авснаар албан ёсны үйл ажиллагаагаа эхэлж, энэ онд “Үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах” асуудлыг гол зорилт болгон дэвшүүлж ажилласан. ГЭҮТ эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, үндсэн чиглэлээ тодорхойлж, дотоод зохион байгуулалт, бүтцээ бүрдүүлж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу ажиллаж байна. Байгууллагын товч танилцуулгыг боловсруулан хэвлэж, олон нийтэд хүргэсэн. ГЭҮТ 2007 онд дараахь чиглэлд үйл ажиллагаа хандуулан ажилласан. Үүнд: - Дотоод үйл ажиллагааны хүрээнд: Салбар нэгж байгуулах удирдамж, салбар нэгжийн үйл ажиллагааны чиглэлүүд, тэдгээрийн эрх, үүрэг, ГЭҮТ-ийн гишүүн ААН, байгууллага, хувь хүн, дэмжигч, хандивлагчийн эрх, үүрэг, гишүүний анкет, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг боловсруулж, бичиг хэргийн хөтлөлтийг явуулж, холбогдох мэдээлэл, баримтыг цуглуулан ажилласан. Гишүүнчлэлээ өргөжүүлж, 300 гаруй дэмжигчтэй болж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт салбараа байгуулах зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж, Орхон, Хэнтий, Говь-сүмбэр, Булган зэрэг аймгуудад салбар нэгжээ байгуулах ажлыг эхлээд байна. ГЭҮТ байнгын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор ОБЕГ-т ажлын байртай болсон. Үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулан 4 ширхэг хандивын хайрцгийг Чингис Хаан олон улсын нисэх буудал, УИД, Номин их дэлгүүрт байрлуулан ажиллуулж байна. Ой, хээрийн түймэрийг унтраах багаж хэрэгслийн загварыг гаргаж, сайн дурын багийн бүтэц, түүнд оногдох багаж хэрэгслийн нормативыг боловсруулсан. - Бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны хүрээнд: ГЭҮТ-өөс 199 удаа албан тоот, захидлын хэлбэрээр бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд санал хүргүүлэх, мэдээлэл солилцох, дэмжлэг тусламж хүсэх чиглэлээр хандаж, тэдгээр байгууллагуудтай хамтран ажилласан. ГЭҮТ-өөс хүргүүлсэн саналын дагуу 2007 оны 07 дугаар сард Байгаль орчны сайд, Барилга хот байгуулалтын сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын “ Барилгын хэв хашмалын тулгууранд залуу мод хэрэглэхийг хориглох тухай” хамтарсан 214/118/19 тоот тушаал гарсан. УМХГ-т хүргүүлсэн барилга угсралтын ажлын хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрэм журмыг хангалтгүй биелүүлж буй ААН-үүдийн тухай бодит баримт мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж зохих арга хэмжээ авсан. Ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар БХБЯ-ны хот төлөвлөлтийн тухай хуулийн ажлын хэсэгт томилогдон ажиллаж байна. Гамшгийн эсрэг үндэсний төв БОЯ, БХБЯ, ОБЕГ, УМХГ, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, Иргэдийн хурал болон тэдгээрийн харьяа газрууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийттэй хамтран ажиллаж байна. Тус төв “ Байгаль орчин 21 зуун “ байгаль хамгаалах өдөрлөгт оролцон өөрийн үйл ажиллагааг сурталчилан таниулсан бөгөөд Нээлттэй нийгэм форум байгууллагаас зарласан “ Байгаль орчны шинэчлэл “ төслийн уралдаанд ногоон байгууламж байгуулах талаар төслийн материалаа хүргүүлээд байна. 2. ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЙЛАН ГЭҮТ-өөс дараах хөтөлбөрүүдийг санаачлан , зохион байгуулж, нийгмийн эрсдэл бүхий давхаргын эмзэг байдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн. “ Байгаль орчин хүүхэд” хөтөлбөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн хүрээлэн буй орчныг эрүүлжүүлэх, тэдэнд экологийн талаар танин мэдэхүйн мэдлэг олгох зорилго бүхий хөтөлбөрийг 2007 оны 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15 хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрт Нийслэлийн захын хорооллын 27 цэцэрлэгийг хамруулж, 620 ширхэг саваа хэлбэрт модны тарьц тарьж, 3 машин хар шороо буулгаж, хөтөлбөрийг санхүүжүүлэгч байгууллагуудын болон тухайн цэцэрлэгийн хүн, хүчийг оролцуулан ажилласан. Саваа хэлбэрт мод нь ургалт сайтай, тоосжилтыг сайн шингээдэг, манай орны нөхцөлд ургах чадвартай, Польш улсаас оруулж ирсэн мод юм. ХХБ, АПУ ХК, БД ХХК хөтөлбөрт хамтран оролцсон бөгөөд МУИС-ын Экологийн боловсролын төвийн мэргэжилтнүүд зөвлөхөөр ажилласан. Хөтөлбөр хэрэгжих хугацааны сар бүрийн 15-наас 20-ныг хүртэлх хугацаанд хөтөлбөрт хамрагдсан цэцэрлэгүүдийн тарьцны ургалт, арчлалт, хамгаалалтанд хяналт тавьж, зөвлөгөө өгч, баримтжуулж ажилласан. Нийт тарьцны ургалт 10 дугаар сарын 10-ны байдлаар 68 % байна. Ургалтанд 7 дугаар сарын хэт халалт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, зарим ургаж байсан тарьцууд хатсан байна. Цаашид хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. “ ЕБС-иудын бага ангийн сурагчдаар мод тариулах ” урамшуулалт хөтөлбөр Хөтөлбөрийг 2007 оны 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн хүрээлэн буй орчныг эрүүлжүүлэх, сурагчдад экологийн мэдлэг олгох, байгалиа хайрлан хамгаалах талаар сэтгэхүйн зөв төлөвшилтэй болгох, хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцах дадлыг бий болгох зорилгоор хэрэгжүүлсэн. Нийслэлийн 58, 17, 61 дүгээр сургуулиудын бага ангийн, гэр хороололд оршин суудаг 150 сурагчдыг хөтөлбөрт хамруулж, зуны амралтаараа модоо гэртээ тарьж, арчлан ургуулах үүрэгтэйгээр сурагч бүрт нэг ширхэг саваа хэлбэрт модны тарьцыг тарих зөвлөмжийн хамт хүлээлгэн өгсөн. 7, 8 дугаар саруудад сурагч бүрийн гэрт очиж, тарьцны ургалт, арчлалтыг хянаж, зөвлөгөө өгч, энэ үйл ажиллагааг баримтжууллаа. Хөтөлбөрийг ХААН банкны ХААН банк сан дэмжин, хамтран ажилласан. Шинэ хичээлийн жил эхлэхэд ГЭҮТ, ХААН банк сан хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг хичээлийн хэрэгсэл, цүнхээр урамшуулан, сурагчдын тарьж ургуулсан модныхоо дэргэд авахуулсан фото зураг, хэрхэн тарьж, арчлаж, ургуулсан тухай бичсэн зохион бичлэгүүдээр үзүүлэн таниулах материал бэлтгэн олон нийтэд үзүүлсэн. Нийт тарьцны ургалт 09 дүгээр сарын байдлаар 59 % байна. 2008 оноос уг хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлж орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Иргэдийг нарны хордлого, наршилтаас урьдчилан сэргийлэх” хөтөлбөр 2007 оны 7 дугаар сарын 26, 27, 28 –ны өдрүүдийн агаарын хэт халалтын үед цаг агаарын урьдчилсан мэдээллийг ашиглан цагийн байдлыг үнэлж, Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийг нарны хордлого, наршилтын улмаас шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт дээрх зорилгоор бага насны хүүхдүүд, дөчөөс дээш насны иргэд, эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнгүүд, жирэмсэн болон амаржсан эхчүүд, нийтийн тээврийн ажилтан, нийгмийн хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч нарт үнэ төлбөргүйгээр 0.33, 035, 0.6 граммаар савлагдсан цэвэр ус 9000 ширхэгийг түгээн өгч, наршилтаас сэргийлэхийг зөвлөж ажилласан. Улаанбаатар хотын хэмжээнд дараахь газруудаар явж цэвэр усыг дээрх хамрах хүрээнд түгээн өгсөн. Үүнд: 1, 3, 4, 5, 10, 11, 12, 13, 16, 21 дүгээр хорооллууд, Ханын материал, Баянхошуу, Толгойт, Төмөр зам, Бага болон Их тойруу, 120 мянгат, 100 айл, 32-ын тойрог, Сүхбаатарын талбай, Багшийн дээдийн, ХХААЯ-ны, Ард кинотеатрын, Санкт-Петербург төвийн, Хан-Уул дүүргийн соёлын төвийн, Баруун ба Зүүн дөрвөн замын буудлууд, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, 1, 3 дугаар эмнэлэг, ЭНЭШТ, Хүүхдийн 2 дугаар эмнэлэг, 3 дугаар төрөх эмнэлэг, Яаралтай тусламжийн төв, Өнчин хүүхдүүдийн асрах СОС төвд. Хөтөлбөрт Мон-Лаа Вояж ХХК, Вельмон трейд ХХК дэмжлэг үзүүлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн үеийн агаарын хэт халалтын улмаас иргэдийг наршилт, шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэндийн хохирол эндэгдэл гараагүй. “ Ойн түймэрийн голомтод ажиллаж буй мэргэжлийн албан хаагч, иргэдэд ундны цэвэр усны тусламж үзүүлэх “ хөтөлбөр Улаанбаатар хотын ногоон бүс болох Нүхт, Жаргалант, Их тэнгэр, Хандгайт, Улиастайн амуудад гарсан ойн түймрийн голомтод ажиллаж буй мэргэжлийн албан хаагч болон сайн дурын иргэдийн ундны цэвэр усны хангамжийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж, 0.33, 0.35, 0.6 граммын цэвэр ус 4000 ширхэгийг үнэ төлбөргүй түгээн өгч, ундны усан хангамжид нь дэмжлэг болсон. Мөн Нүхт, Жаргалант, Улиастай аманд гарсан ойн түймэртэй тэмцэхэд зориулж усны нөөцын сав болгон 200 литрийн багтаамж бүхий 20 ширхэг төмөр торхны дэмжлэг үзүүлсэн. “ Мөнгөн ус, цианит натрийн хордлого бүхий бүс нутгийн хүүхдүүдэд ундны цэвэр усны тусламж үзүүлэх “ хөтөлбөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг ундны цэвэр усны хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, тэдгээр хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн 0.33 граммын 2000 ширхэг цэвэр усыг ундны усны хангамжинд зориулж, өөрсдөө тээвэрлэн хүргэж, үнэ төлбөргүйгээр түгээсэн. “ Витаминжуулалт “ хөтөлбөр Хөтөлбөрийг 2007 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд, хүйтэн сэрүүний улиралд агаарын бохирдлын хэмжээ эрс нэмэгдсэн үед хүүхдийн биеийн дархлалааг сайжруулах, чийрэгжүүлэх, амьсгалын замын ба бусад халдварт болон хордлогын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Нийслэлийн агаарын бохирдолт ихтэй нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдыг хамруулан хэрэгжүүлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын 4, 12, 14, 17, 29, 30, 35, 37, 42, 57, 58, 61, 69, 105, 116 дугаар дунд сургуулиудын болон Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв, 1-р цэцэрлэг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын цэцэрлэг, дунд сургуулийн 8500 хүүхдүүдэд 10 хоногийн хугацаагаар, уух зориулалтаар аскорбины хүчил 95000 ширхэг, аньсны үрэл 80000 ширхэг, чацарганы үрэл 80000 ширхэгийг үнэ төлбөргүйгээр түгээсэн. “ Витаминжуулалт “ хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүүхдүүдийн биеийн дархлалааг сэргээн чийрэгжүүлж, амьсгалын замын ба бусад халдварын болон хордлогын өвчлөлийг зохих хувиар бууруулсан. Дээрх хөтөлбөрийг Эмийн үйлдвэр ХХК, Монгол даатгал ХХК дэмжин оролцсон. Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж-6, 111 тоот Утас/факс: +976-70118896 E-mail:
Шуудангийн хайрцаг-299 Улаанбаатар 210644 Хүүхдүүдийн үзэл бодлоос 
|